2022 оны 07 сарын 03
Хонин гүрвэл нь элсэрхэг, нам дор элсэн манхантай, дулаахан газраар нутагладаг. Говь гурван сайханы байгалийн цогцолбор газар, баянбүрд, цав толгод, заган ой, харгана бүхий цөл, элсэн манхан нутагт элбэг тааралддаг. Хонин гүрвэл нарийн урт биетэй, зун цагт олон гууждаг, хос богинохон хөлтэй, урт сүүлтэй хэвлээр мөлхөж явдаг хуурай газрын амьтан юм. Ихэнх хонин гүрвэлийн биеийн урт 12-14 сантиметр, эрээн цоохордуу өнгөтэй, хоншоор богино бөгөөд дугуй, сүүлэн дээрээ хөндлөн бараан судалтай байдаг. Энэхүү хүйтэн цустай амьтан нүхэнд амьдарч, өдөр нь шоргоолж, хорхой шавж, таана, хүмүүлийн шүүсээр хооллодог байна.Хонин гүрвэл хүйтэн өдөр наранд халсан халуун чулуу болон малын бууцанд хэвтэж дулаацдаг гэнэ. Хүйтний улирал эхэлж, ногоон ургамал хагдрах үеэр идэш хоол нь хомсдож, бие нь жижгэрч хармаг гэх бутлаг ургамал даган нутагладаг. Намрын эхэн сар гарч хүйтэн бороо орох үед хонин гүрвэлийн хөдөлгөөн удааширч, үзэгдэх нь ховордож эхэлдэг. Энэ нь хонин гүрвэлийн ичих хугацаа болж, хүйтэрч байгаагийн шинж ажээ. Хонин гүрвэл аравдугаар сарын дунд үед үзэгдэхгүй, бүрэн ичиж дуусдаг байна. Харин хавар дөрөвдүгээр сард ичээнээсээ гарч эхэлдэг гэнэ. Тавдугаар сард ичээнээсээ бүрэн гарч тэнхэрсэн хойноо хонин гүрвэлүүд үржилд орж 10-12 өндөг гаргадаг.Монгол оронд төмөр гүрвэл, говийн махир хуруут гүрвэл, прежевальскийн нохой гүрвэл, замба гүрвэл, тойрмын хонин гүрвэл, цоохор хонин гүрвэл, монгол гүрвэл, толбот гүрвэл, могой гүрвэл, загалт гүрвэл, гавшгай гүрвэл, зулзагалагч гүрвэл хэмээх 13 зүйл гүрвэл бүртгэгдсэн байдаг аж.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ