Дундговь аймгийн Гурвансайхан, Говь-Угтаал сумдын нутагт орших Их газрын чулуу уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг бөгөөд хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнтэй газрын нэг билээ. Байгалийн үзэсгэлэнт ландшафтын иж бүрдлийг хамгаалах зорилгоор УИХ-ын 2003 оны 30 дугаар тогтоолоор 35000 га газрыг Байгалийн нөөц газар болгон улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Байгалийн цогцолборт газар болгон ангиллыг дээшлүүж, талбайг 175906 га болгон өргөтгөсөн.
Байгалийн цогцолборт газрын гадаргад жигд ухаа гүвээт тал, нам уул, цав толгод зонхилох бөгөөд үнэмлэхүй өндөр нь 1150-1700 м-ийн өндөрт хэлбэлзэнэ. Байгалийн бүс бүслүүрээр хээрийн бүсийн урд хэсгээр хуурай хээрийн зурвас бүсэд оршдог. Хамгийн өндөр цэг нь хойд хэсэгт орших Ерлөг уул (1706 м) бол хамгийн нам цэг нь цогцолборт газрын урд хэсэг орших 1050.4 м тоот цэг юм.
Их газрын чулуу уул орчмын газрын гадарга нь уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших пермийн галавын настай цайвардуу ягаан өнгийн дунд ба жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон нүцгэн цулдам хад чулуурхаг уул бөгөөд эргэн тойрон заримдаг цөлийн хөндий хоолой хүрээлдэг. Цогцолборт газрын хилийн урт нийтдээ 221 км, хойноосоо урагшаа 104,3 км, баруунаас зүүн тийшээ хамгийн өргөн хэсэгтээ 50,8 км болно. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарлуудтай. Эдгээр хагарлын заагт, өгөршлийн үр дүнд үүссэн агуйнууд нь Их газрын чулууны нэлээд зүүн хэсэгт тэр орчимдоо өндөр нь болох Өлзийт Сүмбэр уулын урд хэсэгт тусгаар орших боржин цохионд байрлах ажээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ